Аав минь гэртээ халамцуухан орж ирлээ. Ууснаа нуух гэж их л хичээж байгаа нь илт харагдана. Орж ирэнгүүтээ зурагт үзэхээр суув. Тэгснээ гэнэт аав нь унтлаа, гээд босоод өрөөнөөс гарахдаа уусан юмандаа толгой нь дийлдсэн үү, яасан, хазайж хана мөргөх шахлаа. Би таныг оронд чинь оруулъя, алив гээд бугалганаас нь шүүрэхэд, миний мэдэх залуу хүний шөрмөстэй булчин биш, ээжийнх шиг, эмээгийнх шиг, зөөлөн булбарай тийм л арьс гарт илэгдэж мэдрэгдэх тэр мөчид, уучихсан байна гэж уур хүрч байсан минь сарнин одож, аавыгаа өрөвдөх, хайрлах сэтгэл улам ихээр оргиллоо. Яагаад ч юм, сэтгэл эмзэглээд ирлээ. Аавынхаа өвөр дээр эрхэлж, мөрөн дээр нь сууж, гарт нь тэврүүлж байсан тэр л үед “аавын минь булчингаас илүү хүч чадалтай зүйл байхгүй” гэж боддог байж. Гэнэт том болж хүний хань болсон цагаасаа хойш аавыгаа нэг ч тэврээгүйгээ саналаа.
Өрөвдөхдөө нүдний аяга нулимсаар дүүрч, гараас нь хөтөлж оронд нь оруулаад хучиж байх тэр л мөчид ээжий минь нүдэнд харагдлаа. “Эрийг нас, уулыг цас дардаг” аа гэж ээж минь хэлдэг сэн. Хүн хөшгирхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг үнэн юмдаа. Эцэг, Эх ээ амьд байхад нь хайрлаарай…